Sunday, December 27, 2015

Юм гэдэг учиртай (номын тэмдэглэл )


Шилийн богд номын тэмдэглэл:

Ертөнц гэдэг тойрон эргэлдэх цагийн хүрд.
Аливаа зүйлс үргэлж хувьсан өөрчлөгддөг.
Эцсийн шалгуур ирэхэд буцаад байрандаа ирэх ажээ...
Хүмүүний амьдрал бие биенээ түшин явах жамтай.
Ганц хүн айл болдоггүй хэмээх хэлц буй.
Ганц жигүүрээр нисэж болохгүй.
Аливаа зүйлс хослон байж, бие биенээ тулж тогтдог аж.
Гэвч цөвүүн цагт ганцаардаж явах шиг жаргал байхгүй.
Ганцаардал дундаа бусдыг хайрлах сэтгэлийг олдог
Хайр гэгч ариун. Ариун нандин зүйлээ бид муу бүхнээс хамгаалдаг...
Хуучин суудлаа умартаж дээш зэрэг ахиад цагийн хүрдний дагуу
буцаад доош унахад чамд хүн битгий хэл тэнгэр хүртэл гомдоно.
Үргэлж сайн сайхны төлөө явсан нэгэн тэнгэрийн харьяат агшуу
адил дүүлэн ниснэ, тэнгэрт уусна. Цаг хугацаа бүхнийг гэрчилнэ.
Тоорой банди хэмээх нэгэн тэнгэр газарт унаж харанхуй нийгэмд
бяцхан оч асаагаад явсан нь бахархууштай.
Өчнөөн оч нийлж гал болон дүрэлзэх учиртай .

2015.12.23 21:00

Tuesday, December 8, 2015

Гомдол



Бусдын юу гэх нь надад хамаагүй гэж би өмнө тэмдэглэлдээ дурдсан билээ.
Тиймээ амьдралын нухчаан дунд яваа эгэл хүмүүсийн намайг
юу гэж хэлэх нь огт хамаагүй.
Харин өөрийн хамгаас хүндэлдэг хүнээс муу үг сонсох шиг аймшиг алга.
Хүн алдаж энддэг. Алдснаа засаж ч болдог.
Алдаж яваа хүнд ухаарлын хатуу, зөөлөн ямар ч үг дэм болдог.
Харин хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь шархлуулах юм бол
 тэр хүн үхснээс өөрцгүй болдог.Үг хэзээ ч арилдаггүй.
Таны хэлсэн нэг шүүмжид би хурцлагдан мянган  удаа зөв явна.
Таны хэлсэн нэг доромжлолд би мянган удаа алдан буруу явна.
Учир нь би хамгаас их хүндэлдэг хүнийхээ
хэлсэн үг бүрийг тоолгүй өнгөрөөж чаддаггүй.
 Үг гэгч үг боловч
Сэтгэлийг ярагч хурц мэс буй
Үг гэгч үг боловч
Сэтгэлд гэрэл түгээх нар буй.
 2015.12.9  14:25

Итгэх хийгээд итгэхгүй (шүлэг)

*******************

Эргэлзээ хэмээх мананд нуугдах үнэн
Сэтгэлийг минь торлон авч,
Аажим аажмаар өвдөлтнд дасгана.
Өвдөлтийг өчнөөн мэдэрлээ ч шантрах хүсэл алга
Чөлөөлөгдөх хүсэл ч алга
Би энгээд зовсоор байх гэж үү?
Зовлоо гээд надад хожих зүйл бий юу?
Зовлонгоос ангижрах хүсэл минь хаана одно вэ?
Аймшигт үнэн цаг өнгөрөх тусам
 намайг илүү ихээр өвтгөнө.
Өвдөлтөндөө ухаан балартаж,
 Аз жаргалын үүдийг дэргэдээсээ оллоо.
Ардаа байгаа бүхнээ орхиод, гэгээрлийн зам руу одохоор
Аз жаргалын үүдийг шагайх гэтэл
Энд туулах хугацаа минь их, нас минь  дэндүү балчир
Өөрийн хүслээр амьдрахаар шийдэж,
Үнэн гэгчийн торноос ангижарч,
Үхэл байдагт итгээд, бусдад итгэхгүй,
Энгэж гэмээнэ хорвоо амттай санагдана.
2015.12.8  20:30
   

Wednesday, November 11, 2015

Миний хамгаалах зүйл



Хүн бүрт үнэ цэнэтэй чухал зүйл гэж бий.
Тэрхүү зүйлээ бид хамгаалах гэж үргэлж дээш тэмүүлдэг.
Үнэ цэнэ болсон бүхэн нь аз жаргалын зам болдог.
Хүмүүс эцсийн дүнд аз жаргал өгч буй зүйлээ
хамгаалах гэж, эсвэл илүү их  аз жаргал руу шунаж
бие биеэтэйгээ тэмцэлддэг хөөрхийлөлтэй бодгаль. Би ч тэдний нэг.
*************

Миний хамгаалах зүйл юу вэ?
Эцэг эх гэр бүл мөн үү? Тийм
Нэр хүнд, цол хэргэм мөн үү? Тийм
Нөхөрлөл, андын салшгүй холбоо мөн үү? Тийм
Эд хөрөнгө мөн үү? Бас л тийм
 ГЭВЧ...
Миний хамгаалая  гэсэн бүхэн уг чанартаа замхран арилах зуурдын юмс.
Ингэж хэлж буй нь хатуу хэдий ч үнэн.
Амьтай бүхэн нүүдлийн шувуун явдалтай
Амьгүй бүхэн 4 улиралын чанартай.
 Энэ бүхэн миний насаараа хамгаалах зүйл биш.

Миний насаараа хамгаалах зүйл хувирашгүй, арилшгүй зүйл.
 МИНИЙ НАСААРАА ХАМГААЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ МИНИЙ
 ӨӨРИЙН АМЬДРАХ ЗАРЧИМ.
Өөрийн амьдрах зарчмыг хамгаалж яваа минь МИНИЙ АЗ ЖАРГАЛ

2015.11.11   21:30

Monday, November 2, 2015

Би юунд дуртай вэ? (Эсээ)


Би хэн нэгнийг хайрлах дуртай. Тэр тусмаа чимээгүйхэн хайрлахдаа дуртай.
Би хайраас үүссэн догдлолд дуртай. Зүрх минь догдлолоос болж хүчтэй цохилоход дуртай.
Чухам тэр бүгдээс л үнэнч сэтгэл гардагт дуртай.Би өөрийнхөө төлөө бусдад туслах дуртай.
 Өөрийнхөө төлөө гэсний учир нь юм бүхэнд үр гэж бий.Хийсэн үйлийн минь үр надад ирэхэд дуртай. Би навчис унасан намар цас хаялахад дуртай. Хонхойж хатсан навчинд цас орсонд дуртай. Намар, өвөл хоёр бие биеэ эрхлүүлэхэд дуртай. Энэ бүгдийг мэдрэн шүлэглэж суугаа өөртөө дуртай. Шүлгийг минь уншиж суугаа хүмүүст дуртай. Хүмүүсийн намайг магтан, урам өгч буй сэтгэлд нь дуртай. Эрээн бараантай ертөнцөд ганцаардаж байгаадаа дуртай. Шавар шавхайнаас бөлбөө цэцэг ургадаг шиг хуурмаг энэ ертөнцөд сайхан сэтгэлтэй хүмүүс байгаад дуртай. Орчлонд ганцаараа ганцаардаагүй гэдгээ мэдрэх дуртай. Утга учиргүй энэ амьдралаас амьдрах утга учир хайж яваадаа дуртай. Хорвоо ерцөнц хязгааргүйд дуртай. Хязгааргүй энэ ертөнцөд жижигхэн оромжинд амьдран суугаадаа дуртай. Энэ жижигхэн оромжиндоо өөрөө ертөнц болж явах дуртай. Миний ертөнцөөр аялах гээд сэтгэлээ чөлөөлж буй хүмүүст дуртай. Надаас тэд урам зориг авдагт дуртай. Миний ертөнц шүлэгт минь байгаад дуртай. Ийм болохоор би шүлэг бичих дуртай.
 2015.10.9

Monday, September 28, 2015

Чи яг л над шиг...



Чи бид хоёр магадгүй өөр эцэг эхээс төрсөн ихрүүд ч  байж болох юм
Чи бид хоёр нэгдвээс гайхамшигийн хаалгыг ч нээж магадгүй
Учир нь чи яг над шиг...
  ГАНЦААРДМАЛ,
  ОНЦГОЙ ,
  ӨӨРИЙН МӨН ЧАНАРТАЙ , БАС ХАРГИС...
Чамайг өдөр болгон харахад би урам зориг авдаг.
 Учир нь би өөрийгөө хөндлөнгөөс харж, өөрөөрөө  бахархдаг.
 Чамтай  би ярилцахыг  маш их хүсдэг ч чам руу ойртохоос эмээдэг.
 Чи хүртэл над руу тэмүүлэх гэж оролддог мөртлөө чаддагүйг чинь би мэдэрдэг.
   Магадгүй чи бид хоёр бие биедээ хэзээ ч үнэнч байж чадахгүй.
   Учир нь чи яг л над шиг байгаад оршино.
Хэн хэн нь ганцаардал гэгчэд зүрхээ өгсөн.
Чи бид хоёр магадгүй хэзээ ч  бие биенийхээ ганцаардалыг арилгаж чадахгүй
Яагаад гэвэл би хэнд ч итгэдэгүй .
Чи ч бас над шиг хэнд ч итгэдэгүй.
Чам руу ойртох болгонд чи бид хоёрын ижил төсөөтэй дотоод огторгуй зөрчилддөг.
Бүх зүйл боломжгүй гэж үү? Эсвэл боломж нуугдсаар байгааг олж харахгүй байна уу?...
  2015.9.28 21:00
 

Wednesday, September 23, 2015

Миний дайсан

\\
Өглөө болж, дуг  нойрноосоо сэрэхдээ л би дайсантайгаа нүүр тулдаг.
Нэгэн хэвийн амьдралын хэв маягийн ачаар өглөө би түүнийг ялж чадсан.
Гэхдээ тэр надаас бүрэн арилаагүй.
Сэмээр намайг үргэлж дагаж явдаг.
Сурч боловсрон, үзэг дэвтэр хоёртой нөхөрлөхөд тэр гэнэтхэн гарч ирэн
үймээн дэгдээж  намайг үзэг дэвтэр хоёртойгоо хөндийрөхөд хүргэсэн.
Энэ удаад тэр намайг ялсан.
Хичээл дуусмагц өөрөөс минь гарч өгөхгүй байсан эрч  хүч минь гэнэтхэн дэсэрч эхэлдэг.
Даанч тэр их эрч хүчийг ашиглах үе нь аль хэдийн өнгөрсөн байдаг.
Эрч хүчээ дэмүү зүйлд барсаар л... Энэ бол дайсны минь надад тавьсан
ЦАГ НӨХЦӨӨХ ХОВС.
Орой болоход уул овоо шиг их ажил намайг угтана.
Харин надад гараа өргөх ч тэнхэл үлдсэнгүй.
Гэсэн ч би шүд зуун бүх ажилаа дуусгадаг....
     Миний дайсан хэн нэгэн биш, чөтгөр шулмын аль нь ч биш.
    Миний дайсан өөрт минь нуугдаж буй.
Өнөөдөр би түүнийг ялсан ч маргааш тэр намайг ялдаг.
Энэ бол миний насан туршийн дайсан, үүрдийн утгагүй дайн.
БИ ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ ЗАЛХУУРАЛ МИНЬ!!!
  2015.9.22  02;00

Sunday, September 13, 2015

Эзэнгүй захидал


Чи яагаад миний өмнө зогсчихоод юу ч ярихгүй байгаа юм бэ?
Чамайг харах болгонд би яагаад өөрийгөө ингэтлээ үзэн ядна вэ?
Чамайг ойлгохын тулд би өөр өөртөөгөө тэмцэлдээд бие минь цуцаж байна.
Чи миний дотор гэрэл гэгээг өгдөг.
Яг л харанхуй гэрт гэрэлт дэнлүү асах шиг...
Харин би өөртөөгөө хэчнээн ч тэмцэлдсэн ч үр дүн нь
чиний надад өгсөн гэрэл гэгээг унтраадаг.
Чи надад гэрэл гэгээг өгсөөр би түүнийг нь унтраасаар л...
Би хэчнээн ч удаа итгэлийг чинь алдлаадаа, чи надаас яагаад залхахгүй байгаа юм бэ?
Би чамд тийм их өрөвдөлтэй санагдаа юу?
Тиймээ би өрөвдөлтэй.
Хажууд минь байгаа хүмүүс намайг ойлгодогүй.
Намайг ойлгох хүмүүс тэнгэрт нисэж байгаа.
Харин би эндээ далавчаа ч дэвж чадахгүй ганцаардаж сууна.
Чамаас би нэг зүйл асуумаар байна.
Надад тэнгэрт дүүлэн нисэх хүч өгөөч
Оронд нь би чамд зүрх сэтгэлээ өгье
Тэнгэрт нисэж чадвал тэндээс би шинэ зүрх сэтгэлээ олно.
Надтай адилхан нисэж чадахгүй өчнөөн хүмүүс бий.
Чи миний зүрх сэтгэлээр тэдэнд тусал.
Энгэж гэмээнэ би муу хүн байхаа болино.
Харин одоо чиний хариултыг сонсмоор байна.
Надад нисэх хүч өгөх үү?
2015.9.13 15:00


Monday, September 7, 2015

"Намрын навч" эсээ



 Амьдралаас би уйдаж, бас ганцаардаж явах тавилантай ч юм шиг.
Шинэ, соргог мэдрэмжүүд надаас арилан оджээ.
Би нэг бодлын өрөвдөлтэй нөгөө бол азтай ч юм шиг.
Өрөвдөлтэй гэвэл би аль хэдийн энэ амьдралын утгыг мэдрээд гуниглаж байна.
Гуниглах тусам бие минь улам хөнгөн болно.
Би яагаад азтай гэж үү?
Учир нь би ганцаараа ганцаардаагүй.
Надтай цуг нэг мөчир дээр  өчнөөн навчис ганцаардаж суугаа.
Амьтай бүхэн сүүдрээ даран унахдаа өөрийн туулсан амьдралаа эргэн сөхөж эргэцүүлдэг.
Сүүдрээ даран хөнгөн унахын алдад би өөрийгөө ялсан.
Өөрийгөө ялан дийлсэн учир бие минь ялалтын шаргал өнгөтэй болсон.
Шаргалтсан бие минь газарт унах нь диваажинд очиж буй нь тэр.
Бие минь үйрч бутран газарт хэвтсэн ч сүнс минь тэнгэрт нисэх болно.
Энэ бол хорвоогийн жам.
Шаргалтсан навч аз жаргалтай нойрсоно.
Ногоон навчис тасрах нь цаг хугацаанд ялагдсан нь тэр.
Хорвоо гэдэг өөр өөртэйгөө тэмцэлдэх орон зай юмсанж.
   2015.9.7

Thursday, September 3, 2015

Миний бардам зан

Намайг хүн чанараа гээхээс хамгаалдаг зүйл бардам зан.
Намайг муу хүн болгодог зүйл бардам зан.
****
Ямар үед  миний бардам зан илэрхээс шалтгаалж
би нэг бол сайн хүн эсвэл муу хүн болон хувирдаг.
Заримдаа би ямарч хэрэггүй үед бардамнаж бусдын эгдүүцэлийг төрүүлдэг.
Би өөрийн бардам зангаасаа болж  хайртай хүнээ ч үзэн ядаж чадна.
Заримдаа бардам зан минь өөрийгөө үнэлүүлэх гэж хүмүүст тусладаг.
Яагаад надад ийм их бардам зан байна вэ?
Учир нь би бусдад үнэлэгдэхийг хүсдэг.
Бүр илүү ихээр үнэлүүлж намайг хүндэлдэг болохыг хүсдэг.
Би бусдын хувьд гэрэл гэгээ нь баймаар байна.
Энэ бол миний өрөвдөлтэй бөгөөд хамгийн их шунал нуугдсан хүсэл.
Энэ хүсэл шунал минь ялалт руу тэмүүлдэг.
Ялагдахыг хүсэхгүй байгаа учир бардам зан минь бүгдийг өөрөө хийх хүчийг өгдөг.
Хийж чадаж л байвал өөрөөрөө бардамнах тийм ч муу зүйл биш.
Үгээрээ биш үйлдэлээрээ бардам байх нь чухал.
Би бусдад хүндлэгдэж, бусдын гэрэл гэгээ болохын тулд
Өөрөөрөө байж, өөрийн хүссэн зүйлээ хийж өөрийн замналын бий болгоно.
Өөрийн үнэ цэнээ бусдад мэдрүүлж өөрийнхөө мөн чанараар амьдарна гэдэг
МИНИЙ БАРДАМ ЗАН.
  2015.9.2 23:30

Tuesday, August 25, 2015

Жинхэнэ шагнал



Шагнал гэдэг зүйл надад тийм ч үнэ цэнэтэй санагддагүй.
      Шагналын төлөө байдаг хүмүүс надад таалагддагүй...

Сургуульд орсон цагаасаа эхлээд ахлах анги хүртлээ
 би үнэхээр бүрэг ичимхий, дуу султай хүүхэд байсан.
Тиймдээ ч тэр үү? би огт тэмцээн уралдаанд оролцдоггүй
     идэвхгүй хүүхэд байсан.
Ангийн хүүхдүүд маань янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож
байр шагнал хүртэж, медаль, тэмдэгээр шагнануулж байсан.
Тэр үедээ надад медаль хүзүүндээ зүүх сайхан байдаг байхдаа?
тэмцээнд төрүүлэх гоё байхдаа? гэж бодогддог байсан
Би бусдын адил медаль, энгэрийн тэмдэг авахыг хүсэж байсан.
Гэвч өөрийн минь дотроос "Чи хийж чадахгүй бол шагнал горьдохоо боль"
гэсэн ухамсар шагнал хүртэх гэсэн хүслээс минь намайг чөлөөлсөн.
Цаг хугацаа урагшилж, би ч том болов.
Би "Сайхан амьдрал гэдэг нь хүн өөрийн хүссэн зүйлээ хийж, түүгээрээ амьдрахын нэр"
                                                гэдгийг ойлгосон
Миний амьдралынхаа туршид хийхийг хүссэн зүйл минь
 ШҮЛЭГ, ЗОХИОЛ ТУУРВИХ.
Тиймдээ ч би элдэв нэр хүнд, шуналд авталгүйгээр өөрийн дуртай зүйлээ хийж яваа.
Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө чадвараар амьдархад шагнал мэтийн зүйлс
ар араасаа л гарч ирдэг.
Би бага ангидаа хүсэж байсан  тэр медаль тэмдгийг зүүж чадсан ч
надад  тийм ч гайхалтай санагдаагүй
Өөрийн хүслээр тэмүүлж өндөрлөгт хүрнэ гэдэг л чухал.
Хүмүүс ердөө л энэ металл, төмрөөр хийсэн тэмдэгийг авахын тулд
улайрдаг нь өрөвдөлтэй санагддаг..
Өөрийн хүсэл мөрөөдөлөөрөө амьдарвал шагнал нэр төр гэх мэтийн зүйлс аяандаа л ирнэ.           Шагналд хэт автах нь өрөвдөлтэй хүний үйлдэл.
Миний хувьд жинхэнэ шагнал гэдэг нь :
       Хорвоо надад авьяас хайрласан.
       Тэр авьяасаараа би амьдралаас ташаал мэдэрдэг.
      Би өөрөөрөө байж, хүссэнээ хийж явсан минь бусдад үнэлэгдэж, бас хүндлэгдсэн.
    Миний авьяасыг хүмүүс хүлээн зөвсөөрсөн.
   Энэ л миний хувьд шагнал.
  Бусдад хүндлэгднэ гэдэг амьдралаас өгч буй хамгийн том шагнал.
   2015.8.25 15:30
.

Saturday, August 22, 2015

Нам гүм



Ганцаараа байх нь үнэхээр нам гүм...
Нам гүм орчиноос би бүгдийг эргэцүүлдэг.
Тэдгээр эргэцүүлэл минь надад мэдлэг, туршлага болдог

*******
Намуухан, дуу чимээгүй орчинд байх сайхан
Гэхдээ тэр нам гүмхэн орчин хэр том жижигээс
шалтгаалж надад үзүүлэх нөлөөлөл өөр байдаг.

Нэгэн шөнө гэрийнхээ тагтнаас нам гүм гэрэлт гудамжыг ажив.
Чимээ аниргүй тэр гудамжийг дэнгийн гэрэл  гэрэлтүүлнэ.
Ийм нам гүм орчин надад айдас төрүүлсэн.
Яагаад гэж үү? учир нь тэр нам гүмхэн орчин маш том.
Хүн гэдэг өөрийгөө битүү хананд дунд хорьж
тэндээсээ би гэгч чанарын үнэ цэнийг мэдэрдэг.
Өөрийг мэдсэн тэрхүү мэдрэмж нь дэнлүү болоод хананд зүүгдэж гэрэлтддэг.
Дэнлүү тэр орон зайг бүхэлд нь гэрэлтүүлдэг.
Хэрэв тэр ханаар хүрээлсэн орон зай хэтэрхий уудам бол яах байсан бэ?
Дэнлүүг асаасан ч  өрөөг бүрэн гэрэлтүүлж чадахгүй.
Хүн өөрийгөө томоор бус жижгээр бодож, илүү бага орон зайд
өөрийгөө мэдэрвээс илүү ихээр өөрийгөө танина.
Жижигхэн орон зайнаас хүн юу ч эрж хайхгүй учир
өөрийгөө мэдэж эхэлдэг.
Том орон зайнаас хүн ямар нэг зүйл хайсаар л байдаг.
Иймийн учир уудам нам гүм гудамжнаас илүү
жижигхэн дөрвөлжин өрөөндөө ганцаардаж суух сайхан.
Өөрийгөө бүрэн мэдэрдэг.
 2015,822 00;22

Monday, August 17, 2015

Том биетэй жоохон хүүхэд



Танихгүй хүмүүсийн  нүдэнд би хорин хэдтэй том залуу шиг л харагддаг.
Харин ойр дотны минь хүмүүс  одоог хүртэл намайг жоохон хүүхэд гэж хардаг.
Тиймээ би томоожоогүй дураараа.
Бие минь  том харагддаг ч
сэтгэлгээ минь хүүхэд хэвээрээ.
 Миний үеийн хүүхдүүд хэзээний л энэ тэнд наргиж цэнгэж эсвэл
ажил хийж байна.
Харин би гэртээ ганцаараа төсөөлөл дотроо өөр өөртөөгөө ярин хорон санаатнуудыг
нухжин дарах баатар болж тоглодог.
Арван долоон настай өсвөр насны хүүхэд иймэрхүү  зан авиртай байх нь
хүмүүст тэнэг харагддаг байх.
Бие нь том нас минь арван долоотой болохоос сэтгэл минь хүүхэдээрээ.
Хүүхэд шиг зан минь намайг уран бүтээлч болгосон.
Би өөрийнхөөрөө л байгаа минь энэ.
Энэ чанар минь ч бусдад үнэлэгдсэн...

Би том хүн болохыг хүсдэггүй.
Учир нь том хүмүүс аймар гэдгийг би ойлгосон.
Залуу сэтгэлгээ нь арилсан хүмүүс яг л чөтгөр шиг.
Үнэндээ томчуудын ихэнх нь хүсэл тэмүүлэл, итгэлээ алдсан байдаг.
Тэд сүүлдээ идэхийн тулд амьдардаг адгуус шиг болчихдог.
Харин би ийм болмооргүй байна.
Би өөрийн гэсэн том орон зайтай,
өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, амьдралаас ташаал авч
Амьдрахын тулд иддэг нэгэн байна.
Жинхэнэ амьдрал сайхан мэдрэмжүүдийг мэдэрч явахын нэр шүү дээ.
Гайхалтай  амьдрахын тулд би үүрд хүүхдээрээ байна.

2015.8.17 23:00

Saturday, August 15, 2015

Уучлаарай. Би бусдаас өөр



Заримдаа би үнэхээр тэнэг үйлдэл гаргадаг.
Өөрийгөө ийм үйлдэл гаргаж байгаагаа мэддэг ч
  үргэлж өөрийгөө өмөөрдөг.
Би ямар ч орон зайд өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байх дуртай.
Миний эрх чөлөө заримдаа  хавчигдах үе гардаг.
Тэр үедээ би шал өөр хүн болж, муухай зан гаргаж хүмүүсээс холддог.
Би хүмүүсээс айдаг, заримдаа өөрөөсөө хүртэл айна.
Ялангуяа танихгүй хүмүүсээс маш их айдаг.
Танихгүй хүмүүс миний эрх чөлөөг хаадаг.
Тэдгээр хүмүүс бие биетэйгээ нөхөрлөдөг.
Харин би тэдэнтэй нөхөрлөдөггүй.
Би тэднээс өөр хүн болохоор тэдний дунд байхдаа  ганцаараа илүү юм шиг санагддаг.
Олны дунд ганцаардах нэгэн төрлийн зовлон.
Тэгж зовсноос ганцаараа ганцаардалын эрх чөлөөг эдлэх нь сайхан.
Эцэст нь өөрийнхөө төлөө тэнэг үйлдэл гаргаж байгаад минь уучлаарй
Би өөр хүн...
 2015.8.15 20:00

Wednesday, August 12, 2015

Шаналал



Сүүлийн үед сэтгэл минь нэг л гонсгор болчихлоо.
Өөдтэй уран бүтээлийн санаа ч орж ирэхээ байжээ.
Бичье гэж бодсон ч зохиох дур хүсэл минь надаас зугтчихлаа.
Өдөр хоногийг дэмий л компьютер тоглоом тоглож өнгөрөөж байна.
Яагаад энгээд байгаа шалтгаан минь дурлал.
Дурлалын зовлон.
Өмнө хэлсэнчилэн дурласан эмэгтэй болгон минь надаас холддог.
Тэр нэгэн эмэгтэй бас л надаас хөндийрчихлөө.
Би түүнийг хайрламаар байвч бас л боломж олдсонгүй.
Угаасаа над шиг эрэгтэйд хэн удаан тогтвортой харилцаа үүсгэж чадах билээ дээ?
Дурлахыг хүсэхгүй байсан ч нэг л мэдэхэд дурлачихна.
Тэр дурлал минь хэзээ ч хайр болж чадалгүй дуусна.
Тэгээд л түүнийг мартах гэж удаан хугацаанд шанална.
Дурлал хайр болж чадахгүй л бол хүнийг маш ихээр өвтгөдөг.
Маш удаанаар сэтгэлийг минь шархлуулдаг.
Болдогсон бол би огт сэтгэл хөдлөлгүй болмоор байна.
Дурлалаас болж миний зорилго маань ч биелэхгүй байх үе гардаг.
Би дурлалын өвчинд автмааргүй байна.
Би яах ёстой юм бэ?
2015.8.12 21:00

Tuesday, August 11, 2015

Уйдсаар л...


Би аливаа зүйлсээс амархан уйддаг.
Өнөөдөр нь гайхалтай байсан  бол маргааш нь
тэр зүйлээсээ залхаж эхэлдэг.
Магадгүй амархан уйддаг зан чанар минь
бусдаас холуур байх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
Заримдаа өөрөөсөө хүртэл уйдах үе ч гардаг.
Иймийн учир  би үргэлж шинэлэг мэдрэмжийг хайсаар л ирсэн.
Шинэ мэдрэмжийг олохын тулд задгай сэтгэх хэрэгтэй.

****
Миний дотор
шинийг эрэлхийдэг Мөнхжин
уйтгарлаж, залхуурдаг Мөнхжин байдаг.
Хоёр Мөнхжин дотор минь үргэлж тэмцэлдэж байдаг учир
миний ааш зан тогтворгүй байдаг.
Гэхдээ энэ хоёр Мөнхжингийн ачаар би
илүү сайхан зүйлийг хайж түүнээсээ
аз жаргал эрх чөлөөг мэдэрдэг.
Шинэлэг, сайхан зүйлс маань төд удалгүй
уйтартай санагддаг учир би үүрд
Хүүхэд зангаараа томоожохгүй байж ч магад.
Энэ ч надад зугаатай.
  2015.8.11 01:23

Sunday, August 9, 2015

Аз жаргалын тухай шинэ бодлууд


 Хэрхэн сайхан амьдрах  вэ? Аз жаргал гэж юу вэ?
гэх асуултууд тархинд минь байнга л эргэлдэнэ.
Аз жаргалын  тухай би олон үзэл санааг өөртөө бий болгосон.
Саяхан аз жаргалын тухай ийм бодрол төрлөө.

*****

Аж жаргал бол эерэг сэтгэл хөдлөл. Өөр юу ч биш.
Баярлах, инээх, сайхан санагдах бүгд сэтгэл хөдлөлийн нэг хэсэг.
Хүмүүс юунд ч санаа зоволгүй хангалуун амьдрах юмсан гэдэг.
Хэрэв юугаар ч дутахгүй хангалуун амьдарвал бидэнд санаа зовох зүйл бараг байхгүй.
Хангалуун амьдралын үнэ цэнэ гэр бүл гэдэг.
Гэр бүлийн дотно харилцаа хүмүүсийг аз жаргалтай болгодог.
Гэр бүлийн дотно харилцаа  итгэлээр бат бөх болдог.
Хоорондоо эвтэй, бие биенээ ойлгож бие биедээ баяр баясал,
инээд хөөр бэлэглэж байх нь гэр бүлийн аз жаргал гэдэг.
Дүгнэлт: Тэгэхээр баяр баясал, инээд хөөр бол сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр мөн.
Энэ сэтгэл хөдлөл хүмүүсийг аз жаргалтай болгодог.
Аз жаргал бол эерэг сэтгэл хөдлөл гэдэг нь мөн.
  2015.8.9 20:30

Saturday, August 8, 2015

Амьдрал театр болохоос цирк биш


Хүмүүс амьдралыг янз янзаар л зүйрлэдэг.
Миний хувьд амьдрал хоёр зүйлтэй тун төстэй мэт санагддаг.
Жинхэнэ сайхан амьдрал бол театр. Яаж ч төгссөн утга учиртай төгсдөг.
Хуурамч, хийсвэр үнэ цэнэгүй амьдрал бол цирк.
 бусдыг гайхшаруулахын тулд л ямар ч утга учиргүй эрсдэлтэй үзүүлбэр хийдэг.
Ихэнх хүмүүс циркийн үзүүлбэр шиг амьдардаг.
Театр шиг амьдрал гэхээр сонин санагдах байх л даа.
Угтаа бол амьдрал гэдэг театрын жүжигчид бид.
Бид адал явдалыг эрэн хайж түүнээс гарах ухаарал эргэцүүлэл
 баяр баясалыг мэдэрч явах дуртай. Энэ ч амттай.
Театр, амьдрал хоёр утга учиртай эхэлж  бусдад болон өөрт
сэтгэлийн ташаал, эргэцүүлэл, утгын сайханг өгдөг
 ОРШИХУЙН ТАЛБАЙ ЮМ.
Цирк шиг амьдрал бол үнэндээ ямар ч утга учиргүй.
Циркийн жүжигчид эрсдэлтэй алхамаар бусдыг гайхшаруулж байдаг.
Энэ нь амьдралтай зүйрлэвэл атаархал, аархал, шунал тачаалаар бүрдсэн  муухай амьдрал.
Бусдад юмаа гайхуулж амьдрахын нэр юм. Гайхуулах юмгүй бол зовдог.
Үүрд оршин байна гэвэл театрын жүжигчин мэт амьдар.
Тухайн цагийнхаа хэн ч биш бодгаль байна гэвэл циркийн  үзүүлбэртэй ялгаагүй
 Орших уу эс орших уу? (Уильям Шекспир  )
2015.8.8 21:30

Thursday, August 6, 2015

Дурласан эмэгтэй бүхэн минь надаас холддог



Би дурлахаас айдаг.Дурласан эмэгтэйдээ сэтгэлээ элчлэхээс бүр ч их айдаг.
Би үргэлж ганцаараа, ганцаардмал орчинд байдаг ч
 бусдын адил нэгэндээ татагддаг.
Миний дурласан эмэгтэйчүүд бүгд онцгой хүмүүс байсан
Тэд миний өөрөөрөө байх чанарыг хүндэлдэг байсан
Би тэдэнд дурласнаа мэдэх үед л тэд надаас холддог.
Яагаад ч юм тэд надаас зайгаа барин аажмаар
 танихгүй хүмүүс шиг хажуугаар минь зөрдөг...
Хааяахан "би дурлах эрхгүй гэж үү?" гэж амьдралыг хараамаар санагддаг.
Дурласан эмэгтэй болгонтойгоо би
 хөтлөлцөж, тэврэлдэж. бие биедээ эрхэлж. цугтаа ном уншдаг.
 ЗӨВХӨН ТӨСӨӨЛӨЛ ДОТРОО Л ЭНЭ БҮХНИЙГ ХИЙДЭГ.
Төсөөлсөөр л төсөөлсөөр л залхаж байна.
Би төсөөлөлөө бодит болгомоор байна
Даанч хорвоо хүмүүсээр даажигнадаг.
Төсөөлөл минь эсрэгээрээ биелэх нь их.
Эр эмийн жинхэнэ хайрыг мэдэрмээр байна
Хайрласан бүхэн минь намайг хайрладаг ч болоосой.
Дурлал минь хайр болоод хувирчихаасай билээ.

2015.8.7 1:21

Wednesday, August 5, 2015

Бусдын юу гэх нь надад хамаагүй



Би анхнаасаа д олны дунд байх дургүй байсан
Хүмүүс хэрцгий бас аймшигтай санагддаг.
Заримдаа би  жоохон хүүхдийн хараал хэлж буй төрхнөөс хүртэл айна.
Бусдыг муулж, шоглон инээж буй охидууд хүртэл аймшигтай.
Олны дунд байх нь мананд дотор байгаа юм шиг л муухай санагддаг.
Би энэ мананг арилгаж чадахгүй, угаасаа бүтэшгүй
Ийм л болохоор би өөрийнхөө дотор хаа нэгтээ нуугдаад
сэтгэлийн цонхоо хаагаад битүүлчихдэг.
Өөр өөрийнхөө дотор нуугдсан учир гадуур явахад
БУСДЫН ЮУ ГЭХ НЬ НАДАД ХАМААГҮЙ.
Би сэтгэл гэдэг цонхоо хаачихсан.
Намайг хэн гуай ч муулавч би уурлахгүй, өш санахгүй, гомдохгүй.
Хэн ч намайг магтсан ч би онгирохгүй, баярлахгүй
***
Үнэндээ би одоо сэтгэлийн цонхоо нээгээд хэн нэгэнтэй
ярилцахыг хүсдэг ч
Буцаад л манан дотор орчих вий гэхээс айдаг.
Би өөрийгөө өөрөөсөө нуусан ч
Ганцаардалаас би өөрийгөө нуугаагүй...
  2015.8.5 22:19

Sunday, August 2, 2015

Миний шүтээн



Энэ зураг бол миний өөрийн билгэ тэмдэг гэхэд болно.
 Хүн мэдэхгүй зүйлээ эхлээд гайхна дараа нь асууна.
 Бүх зүйлсийн тайлалыг оюун ухаан олж нээдэг...

***
Хүмүүс өөрсдийнхөө бий болгосон элдэв хийсвэр
 хоосон бурхадыг шүтдэг.
Хүмүүс бурхадаас ид шид, хүчийг хүсдэг.
Өөрийн хүчинд биш бурханы хүчинд найддаг хүмүүс орчлонд зөндөө
Эцсийн эцэст шашин бол ёс суртахууныг хүнд заадаг болохоос
элдэв хүч, ур чадварыг хүмүүст өгдөггүй.
Хүн өөр өөрийнхөө чадварыг өөрөө олж нээдэг.


Би ямар ч шашин шүтдэггүй ямар ч бурханд итгэддгүй.
Миний шүтээн бол шашин ,бурхан битгий хэл
дэлхийн соёл иргэншлийг бий болгосон зүйл.
 Тэр зүйл юу вэ гэж үү? Оюун ухаан.
Би оюун ухааныг шүтдэг.
Би өөрийгөө шүтдэг. Учир нь би гэдэг оюун ухаан.
Хүн бүрт оюун ухаан гэх бурхан байдаг.
Хүмүүс тэр бурханаа анзаардаггүй.
Бурханд биш би гэдэг хүндээ итгэ.
 Гэгээрэлд хүр!!
   2015.8.2  11:30


Saturday, August 1, 2015

Чи ганцаараа ганцаардаагүй





Ганцаардсан хүмүүсийг ерөнхийд нь хоёр хуваана
 1.Ганцаардалаас зовогсод
 2.Ганцаардалд дурлагсад
Ганцаардлаас болж шаналж буй хүмүүсийг би
 энгийн хүмүүс гэж боддог.
Тэдний хажууд өөрийг нь тайтгаруулах
 хэн нэгэн байж л аз жаргалтай болдог.
 ХАРИН...
Ганцаардалд дурлагсад бол жинхэнэ уран бүтээлчид байдаг.
Ганцаардал тэдэнд эрх чөлөөг олгодог.
Эрх чөлөө бол тэдний бүтээлээ туурвих онгодыг дууддаг.
Тэд бол эрх чөлөөтэй байх урлагийг мэдрэгчид.
Ганцаардалтай нөхөрлөснөөр өөрийн дотор гүнзгий орж болно.
Зарим хүмүүс өөрийнхөө дотор  ороод тэндээ
 өөрөөсөө өөр хүнийг бүтээдэг.
Түүнээсээ болоод өөрөөс нь өөр хүн ганцаардаагүй
 хэмээн төөрөгдөлд автаж, үүрд гуниглаж үхдэг.
Бусад ганцаардалд дурлагсад ганцаардалаас амар амгаланг мэдэрч
иргэншилээс холдож орчлонгийн сайханг мэдэрдэг.
Ерөнхийдөө ганцаардалд дурлагсад өөрсдийн орон зайг бий болгож
 түүндээ эзэн нь байх ТИТЭМГҮЙ ХААД юм.
Би ч тэдний нэг, ганцаардалд дурлагч.
  2015.8.1 23:00

Friday, July 31, 2015

Нэг хоног ч түүнтэй харьцахгүй байж чадахгүй нь

Би дурласан  эсвэл дасчихсан хоёрынхоо ялгааг мэдэхгүй л явна.
 Би түүний тухай өдөржин бодно.
Түүнийг над руу чатаар эсвэл смс-ээр юм бичихийг хүлээнэ
 Би түүнийг тэвэрч, гараас хөтлөхийг нээх ч хүсээгүй ч
 Зүгээр л түүнийг миний хажууд байгаасай гэж хамгаас их хүснэ.
Түүнтэй сонирхолтой яриа өрнүүлж, энэ тэнд зугаалж явахдаа биш
    Зүгээр л өөд өөдөөсөө харан түүнийг л ширтэж суухыг би ямар их хүснэ вэ
Энэ л зүйлийг хийх орон зай, нөхцөл байдлыг би хүлээж байна
Хүлээх яасан хэцүү вэ...

Wednesday, July 29, 2015

Уучлахаас даа...


Би хэт их өөр өөрчлөгдсөн эсвэл найзууд минь өөр болсон.
Сүүлийн үед хоёр найзтайгаа төдийлөн ам нийлэхгүй байна.
Бидний нөхөрлөл хөндийрөөд ч байх шиг
Эсвэл би тэдэнд залхуутай санагдсан юм болов уу?
Тэд намайг гомдоосон. Өөрсдөө намайг гомдоосоноо ч мэдэхгүй л яваа.
Би нэг бодлын давруу ч юм шиг. Би тэр хоёроос уучлал хүссэн.
Тэд надаас уучлалт гуйхийг би удаан хүлээсэн.
Даанч тэд бусдаас уучлалт гуйхааргүй бардам зантай болжээ.
Угаасаа тэд над шиг биш, Тэд гэнэн хүмүүс
Тэр хоёрт уучлал гуйх сэтгэл угаасаа байхгүй болсон.
  Би уучлал нэхээд юу ч өөрчлөгдөхгүй болохоор
      уучлал нэхэлгүйгээр тэднийг уучиллаа.
Муу ч сайн ч миний найзууд.
Өөрийгөө зовоомооргүй болохоор би бүгдийг мартаад
   чимээгүйхэн  тэднийг уучиллаа.
                          2015.7.30  15:00

Догдлол




Өнөөдөр би ээж, эгч хоёроосоо өөр эмэгтэй хүнээс анх удаа бэлэг авлаа.
Нэгэн үзэсгэлэтэй зураач бүсгүй надад тэр бэлэгийг өгсөн.
                         Тэр бэлэг бол иштэй чихэр.
 Эгэл даруухан, уртын дуу шиг гэмээр урт сайхан үстэй тэр эмэгтэйн
  надад өгсөн иштэй чихэр миний амьдралдаа идсэн хамгийн амттай чихэр байсан .
Тэр чихэрнээс би зураач бүсгүйн гэнэн хонгор сайхан сэтгэлийг мэдэрсэн
Тэр чихэр миний хувьд хамгийн гайхалтай бэлэг байлаа.
                                     Би догдлосон.
Энэ догдлол намайг аз жаргалтай болгосон.
Догдлолж баярласан тэр бүхэн минь сайхан дурсамж болж үлддэг.
Би энэ догдлолыг хэзээ ч мартахгүй
Амьдралын энгийн бүхэн сайхан байх юм даа.
  2015.7.29 23:30

Tuesday, July 28, 2015

Амьдралын сайхан нь зугаа цэнгэл



                     Амьдралын утга учирын талаар би зөндөө бодсон.
                        Тэдгээр бодлууд цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байв.
                           Одоо миний бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй.
                    Амьдралын утга учир аз жаргал. Амьдралын хамгийн амтай зүйл зугаа цэнгэл.
                             Хүн зовохыг хүсдэггүй, гуниглахыг хүсдэггүй, бас өвдөхийг хүсэхгүй.
          Хүмүүс аз жаргал руу тэмүүлдэг. Аз жаргалыг бид ямар ч шалтгаангүй  хүсдэг.                                                                                                     .
                        Бид аз жаргалыг л мэдрэх гэж төрсөн хүмүүс.
                    Аз жаргалыг үүсгэгч нь зугаа цэнгэл.
                      Зугаа  цэнгэл материаллаг зүйлээр хэмжэгдэхгүй.
           Материаллаг зүйлс хязгаартай.  Материаллаг зугаа цэнгэл  түр зуурийнх.
                                Жинхэнэ зугаа цэнгэл бол оюуны ташаал.
                                      Тэр ташаал чинь юу ч байж болно.
              Гэхдээ бид оюуны ташаалыг мэдрэхдээ
               хүнд садаа болохгүй, гомдоохгүй,зовоохгүй байх ёстой.
                Хэрэв эдгээрийг мөрдвөөс зугаа цэнгэл тань ямар ч саад тулгарахгүй.
                    Сэтгэл гэдэг эрхтэн түүнийгээ үргэлж баясгаж яваарай
                          2015.7.27 18:00

Monday, April 27, 2015

Эрвээхий


Эрвээхий миний амьдралын нэгэн 
Гэрэл түгээгч
Эрвээхий
Лаанаас урган гарах 
Эрвээхий эрх чөлөөг мэдэрч буй нь энэ
Энэ л зургийн санааг олох үед
Бадамлаж буй зулыг эрвээхий унтраачихсан