Tuesday, April 18, 2017

Харилцаа- Эмэгтэй хүн



2015 оны 8 сард бичсэн "Дурласан эмэгтэй болгон минь надаас холддог" гарчигтай айхтар тэмдэглэлээ сөхөж уншлаа. Өөрийгөө шоолмоор ч юм шиг, бас ичмээр ч юм шиг санагдлаа хэхэ. Би өмнө дурласан эмэгтэй маань надаас зайгаа барьдаг, бүгд л намайг үл ойшоодог гэж бусдад бурууг өгч байсан. Одоо бодохнээ тэд надаас биш би тэднээс холддог байжээ. Энэ нь миний бардам зантай холбоотой. Бусад залуусын эмэгтэй хүнийг өөрийн болгох гэж яаж гүйж, тэмцэж байгааг хараад би өөрийгөө хэзээ ч дурлаж байгаагүй гэсэн бодолд ч автлаа. Учир нь би эмэгтэй хүний эрхэмсэг, бардам, давруу ч гэмээр араншинг хэзээ ч тэвчдэггүй бололтой. Бусад эрчүүд хайртай хүнийхээ төлөө бүгдийг хийж өөрийг нь тоохгүй байсан ч зүтгэсээр өөрийн болгодог. Харин миний тухайд гэвэл би эхлээд өөрт нь сэтгэл гаргана. Нэг гаргана, хоёр гаргана, гурав дах дээрээ шууд больдог. Би сэтгэл гаргаж байхад зөрүүлээд надад сэтгэл гаргахгүй бол баяртай ч  байхгүйгээр төгсөгдөг. Би хэн нэгний төлөө хэзээ ч өөрийн үнэ цэнийг уландаа гишгэхгүй. Би өөрийн бардам зангаасаа болж эмэгтэй хүний хэт эрхэмсэг занг тэвчиж чаддаггүй. Би ийм л хүн. Хэн нэгэнд өөрийгөө ойлгуулж ядах биш, харин өөрийг минь ойлгох эмэгтэйг л хайрлах болно

2017.4.12 02:06

Харилцаа- Найзын эрэлд



Саяхан л оюутан  болоод нэгэн гайхамшигтай ертөнцөд очиж буй мэдрэмж төрж байсансан.  Харин одоо эхний дамжаагаа төгсөх тийшээ ойртлоо. 9 сарын тэмдэглэлдээ би оюутан болоод хамгийн түрүүнд найзтай болохыг зорьж бичсэн. Хичээлийн эхний саруудад бие биенээ огт танихгүй хүүхдүүд бөөнөөрөө уулзалдаж, юм ярьж, хамтдаа цагийг сайхан л өнгрөөж байлаа. Гэхдээ бие биеэ таньж мэдэрсэн хойно бүхэл байсан хамт олон тохирох тохирохтойгоо нийлээд салж бутарсан. Хамт инээлддэг байсан тэдгээр хүүхдүүд одоо бие биеэ бараг танихгүй юм шиг зөрөх нь элбэг тохионо.  Бүгд л  санаа оноо нийлдэгээрээ найзалсан. Харин надад найз гэх хүн байхгүй. Хичээлийн эхний саруудад өөртөө найз олох гэж бүрэг ичимхий зангаа хаяж, аль болох нээлттэй нэгэн байж, бусадтай найзлахыг хүссэн.  Болоогүй. Огт болоогүй. Өөрийг минь бодитоор ойлгох хэн ч байгаагүй. Намайг ойлгох нэгэн олдоогүй учраас л зарим нэг нь надаас зайгаа барьсан, би ч мөн адил тэднээс зайгаа барьсан. Ахлах сургуульд байхдаа би өөрийгөө дэндүү их ганцаарддагийг мэдэрдэг байсан. Харин одоо ахлах сургуульд байхдаа би огт ганцаарддагүй байснаа мэдэрч байна. Магадгүй хэт их эрх чөлөө хүнд ганцаардлын авчирдаг байж ч болох юм. Энэ бүх хугацаанд би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бусдад таалагдахын тулд өөрийгөө хэт өөрчлөх хэрэггүй. Чамайг ойлгохгүй байгаа хүмүүст өөрийгөө ойлгуулах гэсний ч хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө л байх нь хамгийн чухал. Бусдын төлөө өөрийгөө гээх ямар ч шаардлага байхгүй. Харин чамайг ойлгох нэгэн олдвол түүнтэй л нөхөрлө. Одоохондоо их сургуульд надтай чин сэтгэлээсээ найзлах хүн олдоогүй ч, үнэнч найзын эрэлд зогсолтгүй тэмүүлж л явна

2017.4.7 23:00

Wednesday, March 29, 2017

Миний хамгийн дуртай 5 шүлэг

Шүлэг бичдэг хүн бас өөрөө уншдаг. Бусдын бичсэн, хүний дотоод аглагийн утсыг хөндөж, сэтгэлгээний  баяр баясал өгч чаддаг тэрхүү шүлгүүдийг жинхэнэ яруу найраг гэнэ.
 " Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийн үзүүрийг хөшиж юу хийнэ" гэдэг үг бий чухамхүү миний сэтгэлийг хөдөлгөж дотоод мөн чанарыг минь өөрт минь таниулж, жинхэнэ өөрийнхөөрөө байх эрх чөлөөг минь олгосон 5 яруу найрагчийн 5 шүлэг байдаг. Сэтгэл дотор минь эрх чөлөөг өгсөн  5  шүлгийг толилуулья. 




                                           5. Данзангийн Нямсүрэн-  Он он жилийн дараа

Эрээнцаваар овоглосон төрсөн нутгийн минь цуут яруу найрагч Данзангийн Нямсүрэн бол яах аргагүй монголын яруу найрагийн нэгэн өнгө билээ. Өнгөөр бол тэрээр шар цэнхэр хөх гээд хамгийн гэгээлэг өнгө нь гэсэн үг. Түүний шүлгээс бараан юм нэг ч байхгүй. Бараан шүлэг бичсэн ч бидэнд гэгээлэг шүлэг болон уншигдах тийм л авьяас билигтэй мундаг яруу найрагч. Зарим хүмүүс түүнийг өвсний философич гэх нь ч бий.  Бичсэн шүлгүүдийнх нь дийлэнх нь өвсний дүрслэл орсон байдаг. Данзангийн Нямсүрэн яруу найрагчийн шүлгүүдээс  "Он он жилийн дараа" хэмээх шүлэг нь надад хамгийн их таалагддаг. Уг шүлгээс би бусдыг хайрлах тухай, бусдыг хамгаас гүн мэдэрч суралцсан. Хайр гэдэг хэзээ ч өртөг нэхдэггүй, ямар ч зүйлсээр сольшгүй тийм л ариун нандин зүйл гэдгийг  энэ шүлгээс л  ухаарсан даа                                                                      
                                                              Он он жилийн дараа
Он он  жилийн дараа 
Одод хэвээрээ гялалзана 
Он он жилийн хойно 
Харин би байхгүй. 
Чиний  нулимсыг алган дээрээ дусааж 
Чийгтэй гараар хацрыг чинь энхрийлж
Яаж шүү таануусыг хайрлалаа даа 
Хонгор охид минь 
Яг л тэр байдлаараа 
Өвсний үзүүрт шүүдэр болж 
Өлмийг чинь  угааж аргадъя би 
Он он жилийн дараа. 



4. Баатарын Галсансүх - Дахиад зүүд  2 

Бурханд хүртэл хуц хэмээн хэлж чаддаг  энэ билгэ танхай яруу найрагч нилээдгүй  дэврүүн нэгэн. Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн зарлаж  чухамхүү түүнийхээ төлөө монголын яруу найрагт шинэчлэл авчирсан яруу найрагч гэж нилээдгүй зохиолчид санал нэгтэй хэлдэг билээ. Яг үнэндээ надад Галсансүх яруу найрагч хувь хүн талаасаа ч тэр яруу найрагчийн хувиар  ч тэр  тийм ч их таалагддагүй. Түүний шүлгүүд хэтэрхий бүдүүлэг, хэт задгай үг хэллэгтэй нэг л эв хавгүй байдаг.  Гэхдээ шавар шавхайн дундаас бөлбөө цэцэг ургадагийн адилаар өөрт минь таалагддагүй яруу найрагчийн минь шүлгээс миний дотоод ертөнцийг нээхэд тусалсан эрдэнэ шиг шүлэг байсан л юм даа.  Уг шүлэг бол түүний "Бурханд хэлэх зөвлөгөө" постпанк шүлгүүдийн түүвэрт орсон Дахиад зүүд-2 хэмээх шүлэг юм. "Нохой орон" киноны эхлэл хэсэгт  "нэг, хоёр, гурав... Надад үхэх долоон шалтгаан бий" хэмээн сүртэй нь аргуй уг шүлгээ уншиж байсан билээ. Түүний шүлэг миний дотоод ертөнцийг тэр чигтээ  илэрхийлсэн мэт санагддаг. Уг шүлгийг  уншихад үгээр хэлэхийн аргагүй өвөрмөц , содон мэдрэмжийг авдаг. Хэрэв хэн нэгэн чи яагаад энэ шүлэгт дуртай юм бэ? гэж асуувал би " Намайг ганцаардалтай эвлэрэхэд зуучилсан шүлэг юм аа" гэж хариулна. Өөр ямар ч хариулт байхгүй... 

                                                     Ахиад зүүд -2 
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал 
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал 
Улаан шаргал үүрийн туяаг  хармааргүй санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол
Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл 
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй. 
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол
Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол
Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал 
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил 
Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно
Би байна 



3.Нямбуугийн Нямдорж- Өндөгний хээ 

Нямбуугийн Нямдорж бол Галсансүх яруу найрагчийн багш нь юм. Би Галсансүхэд  дургүй ч багшийг нь бол маш их хүндэлж биширдэг. Нямдорж яруу найрагч бол ёстой л жинхэнэ яруу найрагчийн замналаар явсан хүн. Хэрэв энэ хүн өдийд амьд сэрүүн байсан бол би хэдэн шүлэг сийрүүлсэн муухай бичигтэй дэвтрээ барьж очоод уулзах байсан. Энэ хүн хэрхэн амьдарч ямар замыг туулж явсныг  би нүдээр үзээгүй ч олон ч хүний хууч яриа, нийтлэл зэрэгийг уншсан.  Түүний тухай ярих ойр дотны хүмүүсийнх нь дурсамжийг нь сонсоход лав л энэ хүн шүлэг шигээ амьдарсан хүн гэмээр . Тэр бол орчин цагийн монголын яруу найргийн эхлэлийг нь тавьсан хүн. Түүний шүлгээс ямар ч  шүлгийн хэлбэр, өнгө төрх үзэгддэгүй. Түүний шүлгүүдээс цэвэр Нямбуугийн  Нямдорж л мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл тэр жинхэнэ өөрийнхөөрөө байх урлагт суралцсан хүн. Хүн бүрт өөрийн гэсэн амьдрал бий, тэрхүү амьдралаа хэнээс ч хараат биш зөвхөн өөрийнхөөрөө, өөрийн замналаар амьдарч, өөрийн мөн чанараа хамгаалж явахыг түүний шүлэг надад сургасан. Түүний  "Өндөгний хээ" гэх богинохон энгийн үг хэллэгтэй дараах шүлэг бол намайг хэнийг ч даган дуурайхгүй, хэний ч нөлөөнд автахгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, өөрийн амьдрах зарчмыг хамгаалах хүч чадлыг минь өгсөн шүлэг гэж хэлж болно. Тэр өөрөө ч шүлэг шигээ амьдарсан... 


                                                                 Өндөгний хээ

Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй.
Хурууны минь хээ
Хувирашгүй. 
Алганы минь хээ 
Арилшгүй. 
Миний хээ 
Минийх ...



2.Лувсандоржийн Өлзийтөгс-  Би 

Лувсандоржийн Өлзийтөгс бол тэнгэрээс буугаад ирсэн дагина гэлтэй тийм л тансаг мэдрэмж, авьяас билгэтэй хүн. Түүний өчнөөн  зохиол надад нөлөөлсөн. Түүний шүлгүүд намайг зөв зам руу хөтөлдөг гэдэгт би маргаангүй итгэлтэй байдаг. Энэ мундаг хүний номтой нөхөрлүүлсэн багшдаа талархаад барашгүй. Түүний эгэл даруу энгийн байдал, эмэгтэй хүний эрхэмсэг чанар, Өөрийн дотоод огторгуйд хэсүүчлэн байх ганцаардлын зам мөр, жинхэнэ гоо сайхан гэж юу вэ гэдгийг түүний шүлгүүдээс би илүү гүнзгий мэдэрсэн. Түүний шүлгүүдээс энэ нь гоё ,тэр нь онцгүй гээд шилээд сонгох бараг л боломжгүй мэт. Ямартай ч би түүний "Толинд туссан будда" номын " Би" хэмээх шүлгийг сонголоо. Гэхдээ одоо ч сонголтондоо эргэлзэж байна. Учир нь би өчнөөн алмааз эрдэнээс алийг нь сонгохоо үнэхээр мэдэхгүй байна. Ямартай ч одоо сонгонсон "Би" хэмээх шүлэг бол надад бусдыг ойлгож, тэдний гүн рүү нэвтэрч, аливаа хүмүүсийн өнгөцхөн чанарыг биш жинхэнэ, дотоод огторгуйг нь харж сурах хэрэгтэйг заасан шүлэг юм. Тэр бол зүрхэнд минь оч асаасан дагина мэт уран бүтээлч хүмүүн юм. 


                                                                   Би

Миний өмссөн арьс
Миний нөмөрсөн үс 
Миний зүүсэн нүүр
Би биш!

Миний тээсэн гуниг 
Миний тэссэн өвдөлт 
Миний бууж өгсөн хайр л 
Би!

Инээмсэглэл миний орь дуу
Нулимс харин хуяг минь
Үг миний хоол
Үзэг нууц амраг минь 

Ээмэг биш сарны гэрэл л зүүдэг би
Эм хүн болж төрсөн минь ердөө л заль



1.Ли Бай- Сарны саруулд ганцаар согтохуй 

Би өөрийн хамгийн дуртай шүлгүүдээс тэргүүн эгнээнд хятад яруу найрагчийн шүлгийг нэрийдсэн нь зарим нэг үндсэрхэг үзэлтэй хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй л юм хэхэ... 

Хятадын Тан улсын үеийн яруу найрагч Ли Бай бол нэгэн үе шилийн сайн эрстэй нийлж, нэгэн үе бясалгал мөр хөөж, мөн төр улсын дотоод тэмцэлд явж байсан хүн. Тэрээр "Амьдрал бол зүүд мэт  хоосон зүйл" хэмээн бодож амьдралынхаа сүүлийн ихэнх үеийг бор дарсан хөлчүүрч өнгрөөсөн гэлцдэг.  Тэрээр сарыг маш ихээр бишрэн шүтдэг байсан бөгөөд, түүнийг нууранд буусан сарны тусгалыг тэврэх гэж байгаад живж үхсэн гэх домог байдаг аж. Ли Байн тухай би тийм ч ихийг мэдэхгүй. Мөн түүний  шүлгүүдээс тийм ч ихийг мэдэхгүй.  Ямартай ч түүний
"Сарны саруулд ганцаар согтохуй" хэмээх шүлэг нь надад тэр чигтээ амьдрал гэж юу юм бэ? гэсэн асуултын хариуг өгсөн юм.  Амьдрал бол ердөө л хоосон чанар. Оргүй хоосонд ертөнц үүссэн, оргүй хоосноос хүмүүс үүссэн. Оргүй хоосон руу хүмүүс буцдаг. Чухам бидний нүдэн харагдаж сэтгэлд мэдрэгддэг энэ амьдрал бол хоосон чанарын тусгал юм. Яг л нууранд туссан сарны гэрэл адил... 

                                       Сарны саруулд ганцаар согтохуй 

Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад,
Цэнгэх нөхөд үгүйд, гагц өөртөө л сөгнөв.

Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд
Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов. 

Архи балгаж сураагүй сар эв дүйгүй, 
Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө. 

Сар, сүүдэр бидэн- гэлээ ч үй зайгүй 
Сайн нөхөд бололцоод, хаврын шөнөжин наргив. 

Намайг ая барихуйд, сар дэмнэн намилзана. 
Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелнэ. 

Гурвуул ийн найрлахад, амьдрал мөн ч зугаатай. 
Гуулин гүц хоосроход л зүг зүгтээ тарцгаана. 

Алс Тэнгэрийн заадас дээр учрахын болзоо товлоод, 
Ахиад л би ганцаар өөрийн мөрийг хөөнө. 





2017.3.29 22:30 











 


Wednesday, March 22, 2017

Хүмүүс ашгийн төлөө амьдардаг: Бүх зүйл дутуу



Философи  хийгээд сэтгэл судлалын шинжлэх ухаанд "Дутуугийн" гэсэн тодорхойлолт байдаг.  Нэрнээсээ ойгомжтой байгаа биз. Бүх юманд дутуу зүйл байдаг.  Хэзээ ч бүрэн бүтэн зүйл энэ хорвоо дээр байдаггүй. Грекийн  философич  Анаксагор энэ тухай  их ойглгомжтой тодорхойлолт гаргасан. Тэрээр " Бүх зүйлд бусад бүх зүйлийн хэсэг бий" гэж томьёолсон байдаг.  Учир нь ямар ч халуун зүйлд хүйтний шинж, ямар ч хүйтэн зүйлд  халууны шинж байдаг гэжээ. Энэ ойлголт нь нэг ёсондоо бүх аливаа нэг зүйлээсээ үргэлж дутуу байдгийн ойлголт болно. Анаксагорын жишээнээс үзвэл: +35 хэм халуун ч гэсэн +40 хэмээс хүйтэн.
-25 хэм маш хүйтэн ч -30 хэмээс дулаахан. гэж тэрээр онолоо бататгахыг зорьжээ. Анаксагорын энэхүү онолыг бүх зүйл дутуу гэсэн өөрийн гаргалгааны суурь болгосон шалтгааныг  хүмүүсийн амьдрал дэх жишнээнээс авч үзье: Саятан хүний хажууд дундаж амьдралтай хүмүүс ядуу, харин тэрбумтан хүний хажууд саятан хүн ядуу. Эсрэгээрээ тэрбумтанаас илүү ядуу хүмүүс илүү аз жаргалтай байх тохиолдол ч бий.

Бүх зүйл "дутуу" байдаг.  Төгс зүйл гэж  хэзээ ч байдаггүй. Нэгэнт бүх зүйлд "дутуугийн" шинж чанар байдаг  болохоор хүмүүсийн амьдралыг  хөтлөгч зүйл нь дутуугаа нөхөх болж байгаа юм.  Дутуугаа нөхөх амьдрахуйн гол үндэс болохоор бидний ахуйн, сэтгэл санааны зан үйлд  ашиггүй  зүйл  нэг ч байхгүй .  Яагаад гэвэл хүн болгонд аливаа юмс байнга дутагдаж байдаг.

2) Хүмүүс маш олон зүйлээр дутагддаг. Бидний энэ дутууг мэдрэх мэдрэмжийг хоёр хуваана.
          1. Мэдэгдэхүйц дутуу
          2. Далд дутуу
Мэдэгдэхүйц  дутуу бол бидний наад захын хэрэгцээнүүд болох материаллаг хэрэгцээ, аюулгүйн хэрэгцээ, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ зэрэг багтана.  Харин далд дутуу бол ихэвчлэн сэтгэл санаатай холбоотой. Бид зугаацах, наргиж цэнгэхийг ашиггүй гэх нь бий. Гэхдээ бид  яагаад зугаацаж цэнгэх дуртайг ер ойлгодоггүй. Учир нь зугаа цэнгэл бидэнд хэрэгтэй учраас л бид зугаацдаг. Бид зугаа цэнгэлээр дутагддаг болохоор зугаа цэнгэлийг бид хүссэн хүсээгүй хийж л байдаг. Зугаа цэнгэл бидэнд дутагддагийн нэгэн илрэл бол уйдах. Бид уйдаж байгаа учраас өөрсдийгөө баясгах ямар ч хамаагүй зүйл хийдэг.  Хүн хүнээсээ хамаараад зугаацах зүйл нь ондоо. Дан ганц зугаацаж цэнгэх биш бид мэдлэгээр, амжилтаар, хайраар үргэлж дутмаг байдаг. Дутуугаа нөхсөөр байдаг ч хэзээ ч дуусддаггүй. Ахин дахин дутуу мэдрэмжүүд байсаар л байдаг. Эцэст нь хүн өөрийн хүсэлт тачаал, сэтгэл санааныхаа дутууг нөхнө гэдэг өөрөө хамгийн ашигтай зүйл. Сэтгэл санааныхаа хүслийг гүйцээснээр бидэнд таатай мэдрэмж төрдөг. Гагцхүү тэрхүү таатай таатай мэдрэмж л өөрөө хүний оршихуйн ашиг юм.

2017.3.20 21:00




Monday, March 20, 2017

Хүмүүс ашгийн төлөө амьдардаг: Найз бид хоёрын яриа


                                             Нэгдүгээр хэсэг
Би найзтайгаа цахим тоглоомын тухай ярьж байхдаа ийм яриа өрнүүлэв.
Найз: Наад тоглоом чинь даанч бидэнд ашиггүй юм даа.
Би: Хүн заавал ашгийн төлөө явах ёстой юу? Тэгвэл зугаацах бидэнд ямар ашигтай вэ?
- Би философич биш л дээ гэхдээ ашиггүй.
- Хүн өөр өөртөө сэтгэлийн ташаал авах ашиг уу?
- Мэдэхгүй ээ
-Хэрэв бид үргэлж  материаллаг ашиг сонирхлыг хайдаг байсан бол шоу, зугаа цэнгэл хөөхгүй, хүмүүс архи ууж, тамхи татахгүй, чи бид хоёр ч компьютер тоглоом тоглохгүй байх
- мм
-Тэгэхээр хүн өөртөө сэтгэлийн ташаал авах нь хүний оршихуйн ашиг гэж болох уу?
-Болохгүй
-Тэгвэл сэтгэлийн ташаал хүнд хэрэгтэй юу?
-Хэрэггүй
-Чи яах гэж тоглодог юм тэгвэл?
-Сэтгэлийн ташаал авахын тулд хаха
- Ашиггүй зүйлээ хийгээд чамд ямар хэрэг байна?
- Гоё хөгжилтэй цаг үрсэн хэдий ч гоё
-Гоё мэдрэмж авах чамд ашигтай юу?
-Ашиггүй
-Чи тэгвэл яах гэж гоё мэдрэмж авах гээд байдаг юм?
- Хаха заза ашигтай, хүн философидуулаад байх юм.
- Хаха...   Ийнхүү энэ тухай яриа өндөрлөв.