Tuesday, April 18, 2017

Харилцаа- Эмэгтэй хүн



2015 оны 8 сард бичсэн "Дурласан эмэгтэй болгон минь надаас холддог" гарчигтай айхтар тэмдэглэлээ сөхөж уншлаа. Өөрийгөө шоолмоор ч юм шиг, бас ичмээр ч юм шиг санагдлаа хэхэ. Би өмнө дурласан эмэгтэй маань надаас зайгаа барьдаг, бүгд л намайг үл ойшоодог гэж бусдад бурууг өгч байсан. Одоо бодохнээ тэд надаас биш би тэднээс холддог байжээ. Энэ нь миний бардам зантай холбоотой. Бусад залуусын эмэгтэй хүнийг өөрийн болгох гэж яаж гүйж, тэмцэж байгааг хараад би өөрийгөө хэзээ ч дурлаж байгаагүй гэсэн бодолд ч автлаа. Учир нь би эмэгтэй хүний эрхэмсэг, бардам, давруу ч гэмээр араншинг хэзээ ч тэвчдэггүй бололтой. Бусад эрчүүд хайртай хүнийхээ төлөө бүгдийг хийж өөрийг нь тоохгүй байсан ч зүтгэсээр өөрийн болгодог. Харин миний тухайд гэвэл би эхлээд өөрт нь сэтгэл гаргана. Нэг гаргана, хоёр гаргана, гурав дах дээрээ шууд больдог. Би сэтгэл гаргаж байхад зөрүүлээд надад сэтгэл гаргахгүй бол баяртай ч  байхгүйгээр төгсөгдөг. Би хэн нэгний төлөө хэзээ ч өөрийн үнэ цэнийг уландаа гишгэхгүй. Би өөрийн бардам зангаасаа болж эмэгтэй хүний хэт эрхэмсэг занг тэвчиж чаддаггүй. Би ийм л хүн. Хэн нэгэнд өөрийгөө ойлгуулж ядах биш, харин өөрийг минь ойлгох эмэгтэйг л хайрлах болно

2017.4.12 02:06

Харилцаа- Найзын эрэлд



Саяхан л оюутан  болоод нэгэн гайхамшигтай ертөнцөд очиж буй мэдрэмж төрж байсансан.  Харин одоо эхний дамжаагаа төгсөх тийшээ ойртлоо. 9 сарын тэмдэглэлдээ би оюутан болоод хамгийн түрүүнд найзтай болохыг зорьж бичсэн. Хичээлийн эхний саруудад бие биенээ огт танихгүй хүүхдүүд бөөнөөрөө уулзалдаж, юм ярьж, хамтдаа цагийг сайхан л өнгрөөж байлаа. Гэхдээ бие биеэ таньж мэдэрсэн хойно бүхэл байсан хамт олон тохирох тохирохтойгоо нийлээд салж бутарсан. Хамт инээлддэг байсан тэдгээр хүүхдүүд одоо бие биеэ бараг танихгүй юм шиг зөрөх нь элбэг тохионо.  Бүгд л  санаа оноо нийлдэгээрээ найзалсан. Харин надад найз гэх хүн байхгүй. Хичээлийн эхний саруудад өөртөө найз олох гэж бүрэг ичимхий зангаа хаяж, аль болох нээлттэй нэгэн байж, бусадтай найзлахыг хүссэн.  Болоогүй. Огт болоогүй. Өөрийг минь бодитоор ойлгох хэн ч байгаагүй. Намайг ойлгох нэгэн олдоогүй учраас л зарим нэг нь надаас зайгаа барьсан, би ч мөн адил тэднээс зайгаа барьсан. Ахлах сургуульд байхдаа би өөрийгөө дэндүү их ганцаарддагийг мэдэрдэг байсан. Харин одоо ахлах сургуульд байхдаа би огт ганцаарддагүй байснаа мэдэрч байна. Магадгүй хэт их эрх чөлөө хүнд ганцаардлын авчирдаг байж ч болох юм. Энэ бүх хугацаанд би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бусдад таалагдахын тулд өөрийгөө хэт өөрчлөх хэрэггүй. Чамайг ойлгохгүй байгаа хүмүүст өөрийгөө ойлгуулах гэсний ч хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө л байх нь хамгийн чухал. Бусдын төлөө өөрийгөө гээх ямар ч шаардлага байхгүй. Харин чамайг ойлгох нэгэн олдвол түүнтэй л нөхөрлө. Одоохондоо их сургуульд надтай чин сэтгэлээсээ найзлах хүн олдоогүй ч, үнэнч найзын эрэлд зогсолтгүй тэмүүлж л явна

2017.4.7 23:00